Хүний сэтгэл яагаад ч юм хөрчихдөг. Урьд нь гал халуун, ямар ч сэтгэлийн саадгүй уулздаг анд найз хүртэл ярих үггүй болчихдог нь амьдралын гашуун үнэн. Хүний сэтгэл яагаад хөрдөг вэ? Үүнд олон шалтгаан байж болох ч эхний дөрвөн шалтгааныг энд дурдъя:
Эхний шалтгаан нь, сэтгэлийн шарх, гомдол юм. Хүний сэтгэл гэдэг бол амьдралын хүчний төв юм. Сэтгэлээр унахад л хүн хүчгүй болдог. Сэтгэлийн тэнхээгүй гэж зарим хүмүүс ярьдаг даа. Бид өнгөрснийг уучлахгүйгээр, сэтгэл тайван амьдарч, ирээдүйгээ төсөөлөн бодож чадахгүй юм. Сэтгэлээр унасан хүн уйтгартай, баяр хөөргүй болдог бөгөөд тийм хүний бодол санаа нь үргэлжид юманд хардаж сэрдсэн, хэт сөрөг хандлагатай байдаг. Сюпер сөрөг хандлага бол хамгийн аймшигтай гэмгүй царайтай алуурчин юм. Таныг амьдаар тань тамлах, бусдаас таныг салгахад хамгийн их нөлөөлөх хүч сөрөг хандлагад байдаг.
Үнэндээ, хэн ч таны хандлагыг өөрчилж чадахгүй, хэн ч таны өмнөөс шийдвэр гаргахгүй. Тиймд, өөрийнхөө төлөө өөрийн хандлагаа эхлээд засах нь хамгийн ухаалаг алхам болно. Ихэнх хүмүүс "шууд уучил" гэж хэлдэг ч, өөрийг тань гомдоосон хүнийг уучлах тийм ч амар биш ээ. Хэлэхэд амар, хийхэд хэцүү гэдэг. Номлож болох ч амьдрахад хүнд байдаг зүйлийн нэг бол уучлах. Гэвч, энэ бол зайлшгүй алхам юм. Эхлээд өөрийгөө уучлахыг оролдоорой.
Сэтгэл хөрөхийн хоёрдахь шалтгаан нь, зан чанар байж болно. Хүний амьдралын чухал хөгжлийн нэгээхэн хэсэг нь бидний зан чанар юм. Сул дорой, эмзэг, мэдрэмтгий зан чанартай хүн орчноосоо амархан нөлөө авдаг. Энэ бол нэг туйл нь. Харин нөгөөх туйл нь бүдүүлэг, анархи, мэдрэмжгүй зан чанар юм. Энэ хоёр туйлын аль аль нь эрүүл бус зан чанар юм.
Зөвхөн ур чадвар, авъяас, гайхамшигт тулгуурлан бүү амьдраарай. Авъяас чадвар таныг өндөрт аваачиж болох ч зан чанар таныг өндөрт тогтоож цааш хөгжүүлдэг гэдгийг бүү мартаарай.
Хүнд хэцүү өдрүүд байхгүй бол тэвчээр хэмээх гайхамшигтай чанар бидэнд бий болохгүй. Амьдралын гашуун сургамж бүр бидний хурц ирмэгүүдийг билүүдэж зөөлөн чанартай болгодог. Сайн зан чанартай болох амар дөт, товчилж хүрэх зам гэж үгүй тул зан чанар дээрээ анхаараарай. Зөв зан чанартай хүн сэтгэлээ үргэлж хамгаалж чаддаг.
Сэтгэл хөрөх, гуравдугаар шалтгаан нь "зорилгогүй" амьдрах эсвэл "зорилгоо гээх явдал" байж болно. Зорилгогүй хүн бол амиа хорлож байгаа хүнтэй адил юм. Сэтгэлээ хуурах төдий цаг зуурын зугаа цэнгэл эцсийн эцэст амьдралд гутранги болгодог. "Бүх юм утгагүй" гэсэн гутранги сэтгэл хэзээ ч хүний сэтгэлийг гал цогтой болгож байгаагүй. Тийм хүнээс хэзээ ч үр бүтээл, амьдралын төлөөх тэмцэгч хүсэл гарч байгаагүй юм. Сэтгэл нь хөрсөн хүн бусдыг болон өөрийн амьдралыг хайрлахгүй. Бусдын хайрыг ойлгож, эргэж хариу хайрлаж чадахгүй. Хайрлах нь түүнд ямар ч утгагүй бөгөөд амьдрах нь түүнд зовиуртай.
Сэтгэл хөрөх дөрөвдэх шалтгаан нь, буруу хүмүүстэй нөхөрлөх явдал юм. Бид эцэг эхээ сонгох боломжгүй ч хэнтэй яагаад нөхөрлөж байгаадаа сонголт хийх боломжтой юм. Хэн ч төгс биш ч, зарим нөхөрлөл хүний сайн зуршлуудыг эвдэж, түүний хамаг урмыг хугалж, амьдрах эрч хүчгүй болгож, түүнийг насаар нь хохироодог. Хэнтэй сэтгэлээ хуваалцаж амьдрахаа дахин нэг шалгаарай. Таныг унагах, өргөх хүрээлэл нь таны нөхөрлөл юм шүү гэдгийг санаарай. Монголчууд, "Инээсэн бүхэн найз биш, уурласан бүхэн дайсан биш" гэж хэлдэг. Тэрчлэн, "Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол" гэж хэлдэг. Юутай үнэн үг вэ.
Эцэст нь хэлэхэд, сэтгэлээ юу юунаас илүү хамгаалж яваарай. Эргэн тойронд чинь муу мэдээ, аймшигт явдлууд, сэрдхийлгэм бодит түүх, төгс бус хорвоо эргэлдэж байгаа ч амьдралын залуур гарт чинь байна. Хэн ч таны сэтгэлийн галыг бүү бөхөөг. Ус цацсан ч улам бадран асах сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Амьдралыг хайрлан асах эрч хүч, цог жавхаа таны сэтгэлд үргэлж байх болтугай. Хэн ч сэтгэлийг тань бүү гутааг.