Pages

Thursday, February 4, 2010

Та сонсогч уу, хэрэгжүүлэгч үү?

Сайн байцгаана уу? Пухан Монгол Чуулганыг дэмждэг Эзэн Бурханд итгэлээ тавьсан ахан дүүс минь. Бурхан амьдралд тань Өөрийн хувирашгүй их үнэ цэнээрээ гэрэлтэж таны амьдралд Бурханы гэрэл нигүүлсэл дүүрэн байж та өөрчлөгдөн Монгол оронд энэхүү харь нутагт ч гэсэн гэрэл болон гэрэлтэх болтугай гэж ерөөе.
Өнөөдөр Эзэн бидэнд маш чухал зүйлийг сануулж байна. Та толинд яах гэж хардаг вэ? Хэн ч бодсон ойлгомжтой асуудал. Нүүр нүд минь ямархуу харагдаж байна, үс гэзэг минь аятайхан байна уу гээд л бас өмссөн хувцас биед минь хэр сайхан зохиж байна гэх мэтээр тоо томшгүй олон шалтгааны улмаас бид толины өмнө эргэлддэг. Толинд хараад эргэхдээ царай зүсээ янзлалгүй өөрт байгаа өөгөө засахгүй өнгөрдөг хүн гэж үгүй байх.
Харин Бурханы үгийг сонсоод бид энэхүү толинд өөрийгөө хараад өөрийн алдааг хэр олон удаа эрэгцүүлэн бодож засдаг бол? Бид бүтэн сайнд сүм рүүгээ яарч 2-3 цагийг номлол сонсож дуу дуулж нөхөрлөж өнгөрүүлдэг. Бурхан бидэнд хэлсэн үгийг өөр өөрийнхөөрөө шүүж тунгааж бодож эрэгцүүлж хэлэлцээд л болоо юу? Нэгэн алдартан "Бурханы хүүхдүүдэд байдаг нэг аюул бол Эзэний үгийг зааж сургаж хүмүүст номлож хэлэхдээ агуу байдаг боловч бид өөрсдөө ярьж байгаа зүйлээ хэрэгжүүлж дэлхийд гэрэл болох ёстойгоо мартчихдаг" гэж хэлсэн байх юм.
Анд минь би таныг урамшуулахыг хүсч байна. Хэрвээ та Иаков 1:21-25д өгүүлсэнчлэн Эзэний үгийг мартамхай сонсогч шиг биш харин хэрэгжүүлэгч болон амьдрах аваас та ерөөгдөх болно. Эзэний үг бол 2 талдаа иртэй сэлэм мэт үе мөч хийгээд нугас чөмгийг салтал нэвтрэн орох чадалтай байдаг. Бурханы үгийг тунгаан бодож миний амьдралын болохгүй байгаа хэсгийг зааж байгаа үг бүрийг санаж Бурханаас нуугдах нууц үгүйг санан ЭЗЭНИЙ ҮГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИД болцгооё. Бид бол завхрал ялзрал худал хуурмаг дундах Бурханы гэрэл. Эзэний үг Эзэнд итгэгчидийн амьдралаар гэрчлэгдэж Бурхан алдаршдаг. Эзэн хэрвээ танд ямар нэгэн гэм нүглээ орхих хэрэгтэйг, алдаа гаргасан найзыгаа уучлах хэрэгтэйг, очоогүй удсан чуулгандаа очих хэрэгтэйг, Өөр лүүгээ хандан залбирах хэрэгтэйг сануулсан бол та яг одоо цаг гарган үйлдээрэй. Бурхан тантай үеийн төгсгөл хүртэл хамт байх болно гэж амласан. Бидний Бурхан бол хэлсэн үгэндээ хүрдэг Нэгэн.Бидний амлагч бол итгэмжит билээ.
Бурхан таны дотроос гэрэлтэн дотор хүнийг тань хүчтэй болгон өөрчлөх болтугай.

No comments: